МИКОМ ХХК нь үйл ажиллагаагаа 1999 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр Мэдээллийн Технологи, Интернэтийн салбарт өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, үйлчилгээний нэр төрөл, хамрах цар хүрээгээр тэргүүлэх зэрэглэлд хүрсэн компани болон өргөжөөд байна.
Манай компанийн эрхэм зорилго нь интернэт мэдээллийн үйлчилгээний хэрэглээг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд дэлхий нийтийн мэдээллийн талбарт байр сууриа эзлэх, өөрийн мэдээллийн суурь баазыг байгуулах, хүч чадавхиа бэхжүүлж хөгжүүлэх, түүнд хүрэхэд нь туслах, боломж олгоход оршино.
МИКОМ ХХК-ийн байгуулсан Интернэтийн дэд бүтэц нь өөрийн техникийн төвд байрлуулсан төрөлжсөн мэдээллийн серверүүд, дээд зэргийн зохион байгуулагдсан нууцлал хамгаалалтын систем болон Монгол улсын томоохон хотуудыг холбосон Ноён-Нуруу (backbone), түүнд шууд холбогдох түрээсийн шугамын томоохон хэрэглэгчдийн мэдээллийн сүлжээ, нийтийн үйлчилгээний телефон сүлжээгээр хот хөдөө хаанаас ч холбогддог үндсэн хэрэглэгчид, тэдгээрийн дотоод сүлжээнээс тогтсон амьд орчин юм.
Өнгөрсөн хугацаанд манай компани техникийн өргөтгөлийг тасралтгүй хийж үйлчилгээний хүрээгээ тэлэн, шинэ нэр төрлийн олон үйлчилгээг нэвтрүүлэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж ирлээ.
МИКОМ ХХК нь Рэйлком төвөөр 44Мв/сек хурдаар мэдээлэл хүлээн авч дамжуулж байна. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад 21 аймагт интернэтийн үйлчилгээг нэгэн зэрэг хүргэснээр МИКОМ ХХК үндэсний хэмжээний интернэтийн анхны үйлчлэгч компани болсон.
Манай үйлчилгээний нэг чухал хэсэг нь хөдөө орон нутагт интернэтийн үйлчилгээг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд бүх аймгийн төвүүдийн холбооны газар дээр интернэт кафе, мэдээллийн төвүүдийн орон нутгийн сүлжээ ажиллаж байна.